ЭЗБХ:Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг тэмцэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг Эрүүл мэдийн сайд танилцуулгадаа онцолсон.
АДБХОБ-ны 21 сая ам. долларын хөнгөллттэй зээлийн хүү 0.16 хувь хувьсах тархалтын хувь 0.63, эргэн төлөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад дурджээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Мөн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан. Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр ложистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр зорилт тусгасан. Эдгээр зорилтын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байна гэв.
Төсөл нь Гудамж замуудыг цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил; болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийг Дэлхийн банкны группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ба олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү нь LIBOR 6 сар 0.15 хувь + хувьсах хүү 0.93 хувь байх ба ашиглагдаагүй үлдэгдлийн нийт дүнд тооцох Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл жилийн 0.25 хувь, нэг удаа авах үйлчилгээний хураамж 0.25 хувь байна гэж хэлэлцээрийн төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Уг төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжлээ.