Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, Боловсролын индексээрээ 189 орноос 103-т, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49-д, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дүгээр байрт орж байна. 2018 онд хийсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээ илтгэж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” батлагдаж, хүний хөгжил төвтэй хөгжлийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогын үргэлжлэл болон Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус дэвшүүлсэн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар дэлхий нийтийн ирэх 15 жилийн хөгжлийн зорилтыг тодорхойлсон “Эх дэлхийгээ эрс шинэчилье-Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрөөр 2030 он гэхэд боловсролын бүх түвшинд тэгш хамруулсан чанартай боловсрол олгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих зорилгыг боловсролын салбарт дэвшүүлсэн.
Иймд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилтыг биелүүлэх, боловсролын салбарыг орчин үеийн чиг хандлагад тулгуурлан хөгжүүлэх, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг шинээр тодорхойлох, сургалтын чанар, агуулгыг хүний хөгжил, улс орны хөгжлийн ирээдүй, өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, цаашдын төлөв байдалд нийцүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаадлага үүсэн гэж үзэж байна гэв. Үргэлжлүүлэн боловсролын агуулга, сургалтын хөтөлбөр, стандарт, Боловсролын байгууллага, бүтэц, Боловсролын удидлагын тогтолцоо, тэдгээрийн эрх хэмжээ, гүйцэтгэх чиг үүрэг болон Боловсролын эдийн засаг, санхүүжилтийн хүрээний талаар танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Н.Учрал, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд хувийн сургуулиудад хувьсах зардал өгөх эсэх, алслагдсан сум, сууринд боловсон хүчин дутмаг байдаг, үүнд хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын талаар, мөн англи хэл үндсэн гадаад хэл байна гэж тусгагдсан талаар тодруулав. Түүнчлэн үндэстний цөөнхийн бүлэгт олгох боловсролын талаарх зохицуулалтыг асууж байв. Сайд Л.Энх-Амгалан суурь санхүүжилт болон хувьсах зардлын хувьд ажлын хэсгээс үр дүнд суурилсан санхүүжилт гэж оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр багшийн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг байх боломжтой. Англи хэлний хувьд, байгалийн шинжлэх ухаан зэрэг зарим хичээлийг англи хэл дээр үзэх зохицуулалтыг тусгасан. Үндэстний цөөнхийн бүлгийн сургуулийн өмнөх болон бага боловсролыг эх хэлээр олгож болно гэсэн зохицуулалтыг тус тус тусгасан гэсэн тайлбар хийв.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дарга Г.Дамдинням Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээс өмнө бүх нийтийн оролцоог хамруулсан хэлэлцүүлгийг дахин зохион байгуулна гэв. Ингээд Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88,2 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.