Номын баярыг нийтээр тэмдэглэх хуулийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн 5.1.17 дахь заалтыг нэмэхээр зохицуулжээ.

Ташрамд дурдахад, дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг, зарим улс орон үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр иржээ. Манай улс 2000 оноос эхлэн зарим төрийн бус байгууллага өөрсдийн санаачилгаар “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.76.159)