Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6.2 хувиар нэмэгджээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 6.2, өмнөх оны эцсийнхээс 6.3, өмнөх сарынхаас 0.7 хувиар нэмэгдэв.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.4,согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.8 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.4, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.1, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5, (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4.5, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 5 дугаар сард өмнөх оны эцсийнхээс 6.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.6, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.3, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.8 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.5, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ нэг хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.