Г.Тэмүүлэн: Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга томилж байгаа нь хуулийн зөрчил болж байна
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, "Өнөөгийн Боловсролын хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилон чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт болон Үндсэн хуулийн суурь агуулга, зарчимтай зөрчилдөж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаарч шинээр томилогдсон аливаа сум, дүүргийн Засаг дарга тухайн харьяаныхаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг шинээр томилох, хууль зөрчиж ажлаас нь чөлөөлөх, сонгон шалгаруулалтгүй түр орлон гүйцэтгэгч тавих байдал улсын хэмжээнд нийтлэг асуудал болж, хот хөдөөгүй түгээмэл ажиглагдаж байна. Ийнхүү аймаг, дүүргийн боловсролын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр чөлөөлөх болон томилж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчимтай зөрчилдөж байна" хэмээн онцлон тэмдэглэв.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор ажил олгогчдын буруу үйл ажиллагаа болон ажлын байрны шийдвэртэй холбогдолтой 2017 онд 523, 2018 онд 389, 2019 онд 422, 2020 онд 392 өргөдөл, гомдол тус тус ирсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 14,7 хувь нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хөдөлмөрийн маргаан үүсгээд байгаа аж. Мөн улс төрийн томилолт авч, шинээр томилогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч дарамт, нөлөөллөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн өргөдөл, гомдол нийт гомдлын 61,2 хувийг эзэлж байгааг танилцуулгад дурдав.
Боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах, дарамт, шахалтыг арилгах, мэргэшсэн, тогтвортой байдлыг бий болгох үүднээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Л.Энх-Амгалан, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагыг солих явдал зарим аймагт хавтгайрч байгааг дурдаад, тиймээс энэ хуулиа яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг, хуулийн төслийг Боловсролын багц хуулийн төсөлтэйгөө хамтатган хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлээд цаашид боловсролын байгууллагуудын удирдлагуудын томилгооны асуудлыг тогтвортой болгох нь зүйтэйг онцлов.
Ингээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг болон эдгээр Ажлын багийн санал, дүгнэлтийг нэгтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах Ажлын баг байгуулах тухай Байнгын хорооны дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, П.Анужин, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн нар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэхэд салбар хуулийн уялдааг хангах зайлшгүй шаардлагатай тул хуулийн төсөл бүрээр бус, нэгдсэн Ажлын баг байгуулж, ахлагчаар нь салбараа сайн мэддэг, сайдаар нь ажиллаж байсан туршлагатай гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Боловсролын багц хуулийн төслүүдийн бодлогыг нэгдэж зангидах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь дэмжсэн.
Ингээд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий нэгдсэн Ажлын баг байгуулахаар тогтож, Ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах эсэхийг УИХ-ын даргатай зөвлөлдөхөөр болж, асуудлыг түр хойшлууллаа.