Парламентын ойн өдөрт зориулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулсны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын даргын мэндчилгээнд, "Монголынхоо нийт ард түмэнд, үе үеийн парламентчиддаа Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан учраас Парламентын өдөр бол Монголын нийт ард түмний баярын өдөр юм. 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхэндээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 31 дэх жилийн ой өнөөдөр тохиож байна.

Эзэн Чингис хааны “Их хуралдай”, Богд хаант Монгол Улсын Дээд, Доод хурал гээд парламентат ёсны хэлбэр эртний улбаатай ч 1990 онд монголчуудын сонгосон парламентын засаглал, байнгын ажиллагаатай парламент нь их түүхийн маань цоо шинэ хуудас, Монголын маргаашийг тодорхойлсон шинэ тэмүүллийн эхлэл  байлаа. Улмаар 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал хэрэгжүүлж ирлээ.

Өнгөрсөн гурван арванд Улсын Их Хурлыг сонгох 8 удаагийн сонгууль болж, монголчууд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” Үндсэн хуулиар тунхагласан эрхээ эдэлж, чөлөөт сонголтын үндсэн дээр өөрсдийгөө төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлэн ажиллуулж ирлээ. 2020 оны сонгуулиар байгуулагдсан 8 дахь удаагийн парламент Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн хувьсгалт шинэтгэл хийж, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, гүйцэтгэх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, парламентат ёсыг улам төгөлдөржүүлэх, хараат бус, шударга шүүхтэй болох, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох шинэ зорилтоо амилуулан хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Энэ зорилтыг хангаснаар зөвхөн шударга ёс, хууль засагладаг нийгэм, ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь дээдэлсэн төр, сэргэн мандаж, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг цогцлоох ард түмний маань хүсэмжлэл биеллээ олох болно. Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш билээ. Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм.

Тиймээс түүхэн энэ өдрийг дашрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя. Монголын төр мөнх оршиж, монгол айл өрх, хүн бүрийн амьдрал дүүрэн жаргалтай байх болтугай" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.248.105)