“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ. Дэлхий нийтэд цар тахлыг даван туулах шалгарсан арга байхгүй бөгөөд одоогоор халдвараас хамгаалах цор ганц арга нь вакцин гэдгийг Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд онцлов. Мөн цар тахлыг хохирол багатай даван туулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байгааг дурдлаа. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй айл өрхүүдийн цахилгаан, хог, дулааны мөнгийг тэглэх, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж, иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн чухал бодлого болж буйг онцлон тэмдэглэв.


Цаашид иргэдийн орлогыг дэмжих, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, экспортыг сэргээх, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх шаардлага тулгарч байгааг Ерөнхийлөгч мөн дурдлаа. Тэрбээр, “Улс орны эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрхзүйн шинэ орчин бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих нь чухал. Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядуу хэвээр байгаа. Тиймээс ойрын 10 жилд нэн ядууралгүй орон болох зорилт тавьж ажиллацгаая. Энэ зорилтыг хангахын тулд баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдаа дэмжин тусалж, аливаа эрсдэлээс хамгаалах нь төр засгийн хийх ёстой ажил. Тиймээс өнөөдөр төр засгийн бодлого аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлж байгаа талаар, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонсож, цаашид хэрхэн хамтран ажиллах гарц шийдлээ тодорхойлно” гэлээ.


Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл” сэдвээр үг хэлж байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн төгсгөлд цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх зөвлөмж гаргах юм.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 18-нд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.Тэрбээр ажлын байр бий болгож, татвар төлөн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа ярилцаж, гарах гарц, шийдлээ тодотгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн тэргүүний хувьд зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.2.191)