Нийслэлд тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, нийслэлд тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлэх төслийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулав.
Тэрбээр, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасс байх бөгөөд эхний ээлжинд 13 км урттай 13 буудал бүхий замыг байгуулахаар төлөвлөснийг танилцуулсан юм. Үүгээр 500 мянган иргэн зорчих боломжтой. Энэ ажлыг хавар эхлүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулах ажил 85 хувьтай байна. Эхний ээлжийн трасс Нисэхийн тойргоос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж Сансрын тойрог хүрэх юм. Харин хоёрдугаар трасс нь Гэгээнтэнгээс төв замаар үргэлжилж Зунжин лагерийн бүс рүү явах аж. Гуравдугаар трасс нь Толгойтоос ГССҮТ, 3,4 дүгээр хорооллоор дайраад, 32-ын тойрог, Шархад гэсэн чиглэлд явах юм. Дээрх трассуудыг 2022 оноос эхэлж 2028 онд дуусгахаар төлөвлөж байна.
Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-ийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Ингэхдээ ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулахыг даалгасан юм.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг “Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо.
“Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банканд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө.
2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ:
-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг шинэчлэн батлав.
-Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам баталлаа.
-2021 оны аравдугаар сарын 13-15-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан Зөвлөлийн ээлжит III хуралдаанаас гаргасан шийдвэрийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг хамтарсан Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.