О.Батбаяр: Омикрон давалгааны үед вакцины бүүстер тун үр дүнтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд 2500, гуравдугаар тунд 930 мянган иргэн хамрагдаад байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, омикрон давалгааны үед вакцины бүүстер тун үр дүнтэй байгаа нь гадаадын болон дотоодын судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, ӨАБНУ-д омикрон давалгаа нь хүндрэл, нас баралт багатай явагдсан. Үүний үндсэн шалтгаан бол вакцин хийлгэсний дараагаар эсийн дархлаа болон эсрэг төрөгчийн хэмжээ эрчимтэй нэмэгдсэн нь нөлөөлснийг Өмнөд Африкийн болон Харвард, Их Британийн судалгаагаар нотолсон гэдгийг тодотгов.
Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, "Дельта хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар эрс нэмэгдсэн. Эрдэмтэд омикрон хувилбар мутацид орсноор вакцины үр нөлөө тодорхой хэмжээнд буурах болов уу гэж эмээж байсан. Хэдийгээр омикрон хувилбарын мутаци эс рүү нэвтрэх чадвар нэмэгдсэн ч гэсэн вакцины бүүстер буюу гурав, дөрөвдүгээр тунгаар идэвхэжсэн эсийн дархлаа, эсрэг төрөгчийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь вакцин үр дүнтэй байгааг харуулсан. Хэдийгээр эс рүү нэвтэрч чадаж байгаа ч гэсэн хүний дархлааны эсүүд олширсон учир богино хугацаанд таньж халдварлагдсан эсийг устгаж байгаа. Мөн эсрэг төрөгчийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа учир омикрон хувилбарын үед халдвар, өвчлөл, хүндрэлээс сэргийлэх вакцины үр нөлөө маш сайн хадгалагдаж байгаа. Ийм шалтгаанаар Израил улс вакцины дөрөвдүгээр тунг хийх шийдвэр гаргасан.
Манай улсын хувьд гадаад болон дотоодын судалгаанд үндэслэн гуравдугаар тунгаас хойш гурван сарын дараа, мөн вакцин үйлдвэрлэгчийн удирдамжийн хугацааг харгалзан дөрөвдүгээр тунг хийх боломжтой гэсэн зөвлөмжийг гаргасан" хэмээн дурдав.
Манай улсын хувьд омикрон хувилбарын давалгаа нэгдүгээр сарын сүүл, дунд үеэс эрчимжиж оргил үедээ хүрнэ. Бусад улстай харьцуулахад, вакцины хоёр, гуравдугаар тунгийн хамрагдалт өндөр, өвдсөн болон өвдсөний дараа дархлаа тогтсон хүмүүсийн эзлэх хувь их байгаа. Иргэд гурав, дөрөвдүгээр тундаа идэвхтэй хамрагдвал давалгааг давах, Цагаан сарын дараа хичээл сургалтын ажиллагааг танхимаар эхлэх боломжтой болно гэж үзэж байна.
Омикрон давалгааны үед гэр бүлийн нэг гишүүн өвдсөний дараа бусад гишүүн 100 хувь өвдөх эрсдэлтэй. Тухайлбал, Япон улсад омикрон хувилбарын үед гэр бүлийн нэг гишүүн эерэг гарсан тохиолдолд бусад гишүүн шинжилгээ өгөх шаардлагагүй гэж зөвлөж байгаа аж.
Омикрон хувилбарын үед эсэд нэвтрэх чадвар нь нэмэгдсэн ч, амьсгалын дээд замын салст, хамрын хөндий, залгиур хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн салстад илүү нэвтэрч байна. Харин уушгины эс рүү нэвтрэх чадвар нь буурсантай холбоотойгоор омикрон хувилбарын үед хатгаа болох эрсдэл бага байгаа аж. Вакцин хийлгээгүй, вакцины нэгдүгээр тунтай иргэд болон вакцин хийлгээд гурван сарын хугацаа өнгөрсөн бол омикрон хувилбараар өвдөх эрсдэлтэй юм байна.