Хурдан морины унаач хүүхэд наймаас дээш настай байх заалтыг дэмжив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж Засгийн газар үзэж, уг төслийг боловсруулжээ. Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Чуулганы хуралдаанаар уг төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 40 саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр аймаг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-нд, улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ” гэж өөрчлөх, төслийн 6 дугаар зүйлд “Улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11-ний өдөр нээнэ.” гэсэн 6.2 дахь хэсэг нэмж, дугаарлалтыг өөрчлөх Ажлын багийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6, 9.3.7, 9.3.8 дахь заалтыг “ес давсан бөхөд улсын арслан;”, “улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх арав даван түрүүлбэл улсын аварга;”, “ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэвэл улсын аварга;”, “ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав даван түрүүлбэл даян аварга;”, “аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд даян аварга;”, “даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга;”, “аварга цолтой бөх арав даван түрүүлбэл дархан аварга.” гэж өөрчлөх, мөн зүйлд “Улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулна.” гэсэн 9.8 дахь хэсгийг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах насыг 16 байхаар, унаач хүүхдийн насыг “долоо, түүнээс дээш” гэснийг “найм, түүнээс дээш” гэж өөрчлөх, Үндэсний хурдан морины бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран хариуцан гүйцэтгэх, Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулах зэрэг Ажлын багийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Мөн төслийн 10 дугаар зүйлд "Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно.” гэсэн 10.19 дэх хэсэг, төслийн 15 дугаар зүйлд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай допингийн шинжилгээ хийлгэх арга хэмжээг зохион байгуулах;” гэсэн 15.1.7 дахь заалт, мөн зүйлд “Үндэсний их баяр наадам нь өөрийн билэгдэл /барааны тэмдэг/-тэй байх бөгөөд хэрэглэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлэх.” гэсэн 15.1.8 дахь заалтыг тус тус нэмж, төслийн 14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалтыг “Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач “В” дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх;” гэж өөрчлөн найруулахаар болов.
Харин төслийн 21 дүгээр зүйлд “2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно.” гэсэн 21.3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.