Анагаах ухааны салбарын “Нобелийн шагналтан” тодорлоо

Б.Сайнбуян

“Нобелийн шагналын долоо хоног” жил бүрийн аравдугаар сарын эхээр эхэлдэг уламжлалтай. Энэхүү долоо хоногт шинжлэх ухаан, уран зохиол, эдийн засаг, хүний эрхийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Энэхүү тэмдэглэлт өдөр нь энэ сарын 3-нд буюу даваа гаргаас анагаах ухааны салбарын шагналтныг тодруулснаар эхлэсэн  бөгөөд мягмар гарагт физик, лхагва гарагт хими, пүрэв гарагт уран зохиолын салбарын шагналтныг тодруулахаар төлөвлөгждээ.  Ийнхүү “Энх тайвны Нобелийн шагналтан” маргааш буюу  баасан гарагт, эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 10-нд тус тус тодрох юм.

Анагаах ухаан, физик, хими, уран зохиол, энх тайвны салбарын шагналыг Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу олгож эхэлсэн түүхтэй. Анхны шагналуудыг 1901 онд буюу А.Нобелийг таалал төгссөнөөс таван жилийн дараагаас гардуулж эхэлсэн байна.  Шагнал тус бүрийг 10 сая крон /ойролцоогоор 900 мянган ам.доллар/ дагалддаг бөгөөд хүндэт диплом болон алтан медалийг арванхоёрдугаар  сарын 10-ны өдөр буюу А.Нобелийн 1896 онд таалал төгссөн өдөр гардуулдаг.  Харин Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг эдийн засгийн салбарын шагналыг тус банк 1968 оноос санаачлан олгож эхэлжээ. 1901-2021 оны хооронд Нобелийн шагнал болон эдийн засгийн шагналыг 609 удаа олгосон байна. Харин одоо “Нобелийн шагналын долоо хоног” энэ жил ямар сонин хачинтай эхэлснийг дуулгая.

Шведийн биологич хүний хувьслын судалгаагаа үнэлүүлэв

2022 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Шведийн биологич Сванта Паабо хүртэхээр болжээ.  Энэхүү шагналыг түүнд “устаж үгүй болсон хоминидуудын ген болон хүний хувьслын талаар хийсэн судалгааных нь төлөө олгосон” гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна.  

 "Паабо шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй мэт байсан зүйлийг гүйцэлдүүлж, неандерталь хүний генийн дарааллыг олж тогтоосон юм. Тэрбээр мөн Денисовын хүн гэгддэг эртний хүний төрөл зүйлийг нээж, шуугиан тарьсан билээ” гэж Нобелийн хороо онцолсон байна.

 Шведийн биологич мөн 70 мянган жилийн өмнө Африк тивээс нүүдэллэж ирснийх нь дараа устаж үгүй болсон хоминидын генүүд хомо сапиенсуудад дамжин хадгалагдсан болохыг тогтоожээ. Орчин үеийн хүмүүсийн хувьд эдгээр ген нь халдварын үед дархлааны тогтолцоо хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг тодорхойлдог аж.

Паабо бол шинжлэх ухааны цоо шинэ салбар болох археологи, палеонтологийн олдвороос генийн дарааллыг тогтоодог  палеогенетикийг үндэслэгчдийн нэг юм.  “Паабогийн нээлтүүд нь хүний хувьсал, шилжилт хөдөлгөөний талаар аль сайн ойлголттой болохын тулд шинжлэх ухааны нийгэмлэгт өргөнөөр ашигладаг хосгүй нөөцийг бий болгосон. Түүний нээлтүүдийн ачаар бид устаж үгүй болсон хүний төрөл зүйлийн эртний генийн дараалал нь орчин үеийн хүмүүсийн физиологид нөлөөлдөг болохыг одоо ойлгож байна.

Ийм жишээнүүдийн нэг бол өндөрт амьд үлдэх давуу талыг бий болгодог денисовын хувилбар EPAS1 ген бөгөөд орчин үеийн төвөд хүмүүсийн дунд түгээмэл таардаг. Бусад жишээг дурдвал янз бүрийн төрлийн халдварын эсрэг бидний дархлааны тогтолцооны хариу урвалд нөлөөлдөг неандерталь генүүд юм" гэж Шведийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Дашрамд дурдахад өнгөрсөн онд анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг амьд организмууд температурыг хэрхэн мэдэрдэг болохыг судалсан эрдэмтэн Дэвид Юлиус, Ардем Патапутян нарт олгосон билээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.193.223)