ИПОТЕКИЙН ЗЭЭЛ: 63.200 зээлдэгч энэ сараас зээлээ төлж эхэлнэ
Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулсан 63.200 зээлдэгч 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хуваарийн дагуу зээлийн төлөлтөө хийж эхлэх юм.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод буй юм.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан.
Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм.
Дээрх зээлдэгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.