Эмэгтэйчүүдийн ариун цэврийг хэрхэн зөв сахих вэ?

Судалгаанд суурилсан баталгаатай мэдээлэл, эмчийн зөвлөгөөнүүдийг олж  уншдаггүйгээс болон эмэгтэйчүүдийн дунд бэлгэ эрхтний ариун цэврийн талаар амнаас аманд дамжсан ташаа мэдээлэлд итгэх, компаниудын маркетингийн золиос болох тохиолдлууд түгээмэл гардаг. Тиймээс бидний зүгээс усанд орж байхдаа, бие зассаны дараа, бэлгийн харилцаанд орсны араас, умдгийн үсийг авсны дараа, бие давхар, эсвэл цэвэршилтийн үеэр гэх зэрэг төрөл бүрийн нөхцөл байдалд юун дээр анхаарч бэлгэ эрхтнийхээ ариун цэврийг хэрхэн зөв хангаж, арчлах талаарх мэдээллийг хүргэе.


Арчилгааг хэдэн наснаас эхлэх вэ?

Эмэгтэйчүүдийн ариун цэврийг хэрхэн зөв сахих вэ?: Эмчийн зөвлөгөө (фото 1)

Эрт байх тусмаа сайн. Эцэг, эхчүүд хүүхдэдээ шүдээ тогтмол угаах талаар зааж өгдөг шиг бэлгэ эрхтнийхээ ариун цэврийг хэрхэн хангах тухай ойлголт өгөх хэрэгтэй байдгийг анагаах ухааны доктор, “Pcos SOS: A Gynecologist's Lifeline To Naturally Restore Your Rhythms, Hormones, and Happiness” номын зохиолч Фелис Герш зөвлөжээ.


Юун дээр анхаарах вэ?

Хооллолт

Бэлгэ эрхтний ариун цэвэр юун түрүүнд таны хооллолтоос эхэлнэ. Өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс биеийн бүх эд эрхтэнд нөлөөлдөг шиг бэлгэ эрхтний ч мөн эрүүл ахуйг хангах эх сурвалж болдог. Тиймээс антиоксидант, Е амин дэм, С амин дэм, омега-3, омега-6, уураг болон пробиотикоор баялаг хүнс түлхүү хэрэглэхийг мэргэжилтнүүд сануулдаг.

Цэвэрлэгээ

Цэвэрлэгээний ач холбогдлыг ойлгохын тулд юун түрүүнд гадна болон дотор бэлгэ эрхтнийхээ үйл ажиллагааг мэддэг байх хэрэгтэй. Дотор бэлгэ эрхтэнд тооцогддог үтрээ* нь өөрийгөө цэвэрлэх бүрэн чадамжтай байдаг. Хэрэв үтрээний ялгаралд үнэр ороогүй, өнгө нь өөрчлөгдөөгүй бол бэлгэ эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэсэн үг юм. Харин гагцхүү гадна бэлгэ эрхтэн буюу их, бага бэлгийн уруул, хэлүү болон умдгийг тогтмол цэвэрлэх шаардлагатай билээ.

*Үтрээ бол гадаад дотоод бэлгэ эрхтнийг холбосон 8-10см урттай булчинлаг хөндий ба тампон, эсвэл эр бэлгэ эрхтэн ордог хэсэг юм.

  • Усанд орж байхдаа

“Гадна бэлгэ эрхтэн бол арьс юм. Хүн биеийн арьсаа угаадаг шиг үүнийгээ ч мөн адил угаах хэрэгтэй” гэдгийг анагаах ухааны доктор, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, клиникийн профессор Лаурен Ф.Страйкер хэлсэн ба “Усанд орж байхдаа гадна бэлгэ эрхтнээ хурууныхаа тусламжтай үнэр оруулагчгүй, зөөлөн бүтэцтэй саван болон усаар угаахад л хангалттай” болохыг санууллаа.

  • Нойл орсны дараа

Шээж, эсвэл хүндээр бие зассаны дараа анус, бэлгэ эрхтэн хоёроо тусад нь арчих ёстой гэдгийг чухалчлан анхаараарай. Өөрөөр хэлбэл нэг хэсгээ арчсан бол тухайн цаасаа хаяж, шинээр цаас авч нөгөө хэсгээ арчих нь зөв дараалалд тооцогдоно. Эс бөгөөс шээсний замын халдвар авах эрсдэл нэмэгддэг.

  • Бэлгийн харилцаанд орсны дараа

Бэлгийн харилцаанд орсны дараа ариун цэврээ хангахын тулд шээсээ гадагшлуулахад л хангалттай. Ингэснээр бэлгийн харилцааны үеэр шээсний сүв рүү орсон байх боломжтой бактериуд цэвэрлэгддэг бөгөөд шээсний замын халдварт өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг. “Мөн та гадна бэлгэ эрхтнээ усаар угаах боломжтой ч үтрээгээ угаах, эсвэл гуужуулах хэрэггүй” гэдгийг Герш анхааруулж байна.

  • Умдагны үсийг авсны дараа

Страйкер эмчийн зүгээс умдагны үс нь биологийн олон чухал үүрэгтэй байдгийг хэлжээ. Энэ нь тухайн хэсгийн нимгэн арьсыг бэлгийн харилцаанд орох үеэр хамгаалах үүрэгтэй байдаг. Нөгөөтээгүүр ариун цэврээ зөв хангасан нөхцөлд умдгийн үсний ач холбогдлыг баталсан судалгаа гараагүй байгаа юм. Тиймээс умдгийн үсээ авах нь аюулгүйд тооцогддог ч тухайн үйл явц хэрхэн явагдах нь нэн чухал билээ. Та аль болох нэг удаагийн татуурга ашиглаж, эсвэл зөвхөн умдгийн үс авахдаа хэрэглэдэг татуургыг өөртөө хуваарилах нь зөв. Улмаар хэрэглэсэн татуургаа хатааж шүршүүрийнхээ тавцан дээр биш шүүгээнд хадгалах хэрэгтэй. Ингэснээр хөгц болон зэврэлтээс сэргийлнэ.

Эдгээр алхмыг дагаж мөрдсөн ч үс дотогш ургах, арьс цочрох эрсдэл бүр мөсөн алга болохгүй. Тэр дундаа хэт мэдрэмтгий арьстай хүмүүст эдгээр үр дагаврууд элбэг тохиолддог.

“Дотогш ургасан үсэн дээрээ бүлээн жин тавин нүх сүвийг нь онцгойлгож улмаар үсийг чимхүүрээр авах боломжтой” гэж Страйкер эмч хэлсэн ч тухайн хэсгээс өтгөн шингэн ялгарч, үнэр гарч, эсвэл өвдөлт мэдрэгдэх юм бол мэргэжлийн эмчид хандахыг тэрээр зөвлөжээ.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийг хэрхэн зөв сахих вэ?: Эмчийн зөвлөгөө (фото 2)

Тайвшруулах

Гадна бэлгэ эрхтэн үрэвсээгүй тохиолдолд арьсыг тайвшруулж, чийгшүүлэх тал дээр санаа зовох шаардлагагүй. Хэрэв үрэвссэн нөхцөлд аливаа үнэр оруулагчтай бүтээгдэхүүнээсээ татгалзаж, зөөлөн бүтэцтэй, ямар ч үнэргүй савангаар угааж, алоэ гелиэр чийгшүүлэх боломжтой. Эдгээр алхмыг хийсэн ч шинж тэмдэг арилаагүй тохиолдолд эмчид хандаарай.

Ажиглалт хийх

Хар, үнэрлэ, мэдэр. Таны бэлгэ эрхтэнд тохиолдож буй зүйлийг мэдэх анхан шатны арга бол эдгээр ажиглалтыг хийх юм.


Ямар үед цэвэрлэгээнийхээ горимд өөрчлөлт оруулах вэ?

Таагүй шинж тэмдгүүд илрэх, өвдөлт мэдрэгдэх нь цэвэрлэгээнийхээ горимд өөрчлөлт оруулах ёстойг илтгэнэ. Үүнээс гадна амьдралын хэв маяг, бие махбодод орох дараах томоохон өөрчлөлтөөс хамааран цэвэрлэгээнийхээ горимыг тодорхойлоорой. 

Тогтмол бэлгийн харилцаанд ордог бол

Бэлгийн харилцаанд тогтмол ордог хүмүүсийн бэлгэ эрхтнийхээ ариун цэврийг хангах алхам БЗДХ-ын (Бэлгийн замаар дамжих халдвар) халдвар авсан эсэхээ мэдэхээс эхэлнэ. Бэлгийн харилцаа гэдэгт дан ганц эр бэлгэ эрхтэн үтрээ рүү орохыг хэлэхгүй бөгөөд үүнд:

  • аман секс,
  • гараар дур тавиулах,
  • үрэлцэх,
  • анал секс гэхчлэн багтана.

БЗДХ-ын халдвар авснаа шинэ сексийн хамтрагч бүрийнхээ дараа шалгуулж, зохих шинжилгээг өгөх хэрэгтэй. Шаардлагатай нөхцөлд цэвэрлэгээний горимд өөрчлөлт орно.

Хэрэв та бие давхар бол

“Бие давхар болсон үед юун түрүүнд бактериас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг тул цөөн тооны цэвэрлэгээ хангалттай цэвэрлэгээ болно” хэмээн Герш эмч хэлжээ.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийг хэрхэн зөв сахих вэ?: Эмчийн зөвлөгөө (фото 3)

Хэрэв та цэвэршилтийн үе дээрээ явж байгаа бол

Герш “Цэвэршсэний дараа гадна бэлгэ эрхтний арьс хуурайших талтай байдаг тул илүү их чийгшил өгөх шаардлага гарна” хэмээсэн бөгөөд дан ганц гаднаас нь арчлахаас гадна E амин дэм, С амин дэм, коллагеныг дотроосоо хэрэглэхийг зөвлөсөн байна. 


Уураар цэвэрлэх, douching төхөөрөмжөөр шүрших зэрэг тренд аргууд аюулгүй юу?

Мэргэжлийн эмч нар эдгээр аргуудыг хэрэгжүүлэхийг хэзээ ч зөвлөдөггүй. Аливаа трендийг тогтмол дагаж, дэвшилтэт гэгдэх төхөөрөмж ашиглах нь таны эрүүл мэндэд заналхийлж ч болзошгүй. Тухайлбал, Douching буюу ус-саван, эсвэл ус-цууны холимгоор үтрээний хөндийг цэвэрлэх арга нь үтрээний байгалийнх нь микробиомын бүтцийг өөрчлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл та үтрээнийхээ өөрийгөө аливаа халдвар, үрэвслээс хамгаалах үйлдлийг нь устгаж байна гэсэн үг юм.


Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

Зах зээл дээр гарч буй “эмэгтэйчүүдийн ариун цэвэрт зориулагдав” хэмээн шошго тавьсан, маркетинг хийж буй бүтээгдэхүүнүүдэд маш шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Жишээ нь, бэлгэ эрхтний ph түвшнийг тэнцвэржүүлнэ гэгддэг бүтээгдэхүүнүүд эмэгтэйчүүдэд ямар ч хэрэгцээгүй болохыг Страйкер эмч сануулжээ. Учир нь гадна бэлгэ эрхтний ph-ыг тэнцвэржүүлэх шаардлага байдаггүй бол үтрээ өөрийнхөө ph түвшнийг тэнцвэржүүлэх чадамжтай юм.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийг хэрхэн зөв сахих вэ?: Эмчийн зөвлөгөө (фото 4)Эх сурвалж: Buro.Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.235.138)