Шинэ Хархорум хотын газрыг чөлөөлөхөд 2800 хүнд нөхөн төлбөр олгоно
Манай улс нийт 3.5 сая хүн амтай. Түүний 1.6 сая нь Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын нягтаршлаас үүдэж түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, гэмт хэрэг ихсэх болсон.
Улаанбаатар 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдсөн. Гэвч хүн амын тоо гурав дахин ихэсжээ. Тиймээс хүн амын нягтралыг задалж шинэ суурьшлын бүсийг бий болгох цогц төлөвлөгөөг Засгийн газраас гаргасан юм.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны арван хоёрдугаар сард гаргасан.
Зарлигийн хүрээнд Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны гуравдугаар сард байгуулсан юм. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа өнгөрсөн хугацаанд Хархорум хотын төлөвлөлт, гидрогеологи болон мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг хэрхэн шийдэх талаар судалжээ. “Шинэ Хархорум” төслийн үндэсний хорооны ээлжит хуралдааныг өчигдөр зохион байгуулж цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Ирэх жил “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Уг хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж байна.
Үндэсний хорооны дэргэдэх “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албыг хашиж байсан Н.Нацагдорж даргалж байгаа ажээ.
“Шинэ Хархорум” хот Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй байх аж. Үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган хүний зам, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаараа танилцуулав. Мөн тус хотыг байгуулах нийт талбай нь барилгажих бүрэн боломжтой.
Ундны ус болон байгаль цаг уурын нөхцөл сайтай нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс ирэх жил хотын цөв цэг дэх хүндэтгэлийн хүрэл байгууламжийг барьж эхлэх юм.