Төвийн бүсийнхэн "Хаврын тариалалт" сэдвийн дор чуулж байна

Б.ОРГИЛ

Төвийн бүсийн хаврын тариалалт-Бүсчилсэн хөгжил-2024” бүсийн нэгдсэн зөвлөгөөн Төв аймгийн Зуунмод хотноо өнөөдөр болж байна.

Зөвлөгөөнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн газар тариалангийн салбарын 500 төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Газар тариалангийн сэргэлтийн бодлогыг бүс, орон нутагтаа оновчтой, зөв зохион байгуулах, газар тариалангийн салбарын тулгамдсан асуудал, ололт амжилтын талаар санал солилцох юм.

 Зөвлөгөөн дөрвөн салбар хуралдаанаар хуралдаж байна. Тухайлбал, Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Монгол туургатан театрт болж байгаа бол жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Зуунмод сумын ЗДТГ-ын хурлын танхимд болж байна.

Төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар хуралдаан Өв соёлын өргөөнд үргэлжилж байна.

 

Нээлтийн үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар үг хэлэхдээ, "Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулан гол нэр төрлийн таримлаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг тавин ажиллаж байна. 

 Мөн үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд улаан буудайн үрийг зээлээр олгох, тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх, хөрсний үржил шимт байдлыг хамгаалахыг бодлогын хүрээнд дэмжих шаардлага тулгарч байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.210)