Хятадын тэжээвэр амьтан 2030 онд хүүхдийнх нь тоог давна

 

Хятадын залуучууд гэр бүл зохиоход дурамжхан хэвээр байгаа энэ үед Goldman Sachs банкнаас нэгэн судалгааг танилцуулсан байна. Тус судалгаанд дурдсанаар, Хятад улс дахь тэжээвэр амьтдын тоо 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.  

Хятадын хотууд дахь тэжээвэр амьтад 2030 он гэхэд 70 сая гаруйд хүрэх төлөвтэй байгаа бол дөрөв ба түүнээс доош настай хүүхдийн тоо 40 саяас ч бага болно гэдгийг Үндэсний статистикийн товчооны мэдээллийг эш татан дээрх судалгаанд бичсэн байна. Эдгээр тоон үзүүлэлт 2017 онд эсрэгээрээ буюу хотын тэжээвэр амьтад 40 сая орчим, дөрөв хүртэлх ойтой хүүхдийн тоо 90 сая байжээ.

“Хятадад төрөлтийн түвшин харьцангуй доогуур байгаагийн зэрэгцээ гэртээ амьтан тэжээх сонирхолтой залуус олширч байгаа тул тэжээвэр амьтдын тоо цаашид улам өснө” гэж хөрөнгө оруулалтын банкны шинжээч Валери Жоу бичжээ.

Тус улсад төрөлтийн түвшин 2030 он хүртэл дунджаар 4.2 хувь болж буурах төлөвтэй байгаа нь 20-35 насны эмэгтэйчүүдийн тоо буурч, залуу үеийнхэн хүүхэдтэй болох сонирхол багатай байгаатай холбоотой гэнэ. Мөн 2023 оны байдлаар, гэртээ амьтан тэжээдэг хүмүүсийн бараг тэн хагас нь 23-33 насныхан байгаа тухай Хятадын гэрийн тэжээвэр амьтны талаарх тайлан судалгаанд бичжээ.

Хятадын залуучууд нялх хүүхэдтэй болохоос илүүтэй амьтны зулзага тэжээх болсон тул тус улсын гэрийн тэжээвэр амьтдын хоол тэжээлийн зах зээлийн багтаамж 2030 он гэхэд 12 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байгаа аж. Мөн тэжээхэд бага талбай шаарддаг тул муурны тоо нохойныхоос давна гэж таамаглаж байна.

 

Дэлхий даяар эмэгтэйчүүд цөөн хүүхэд төрүүлэхийг илүүд үзэх болсны улмаас төрөлт буурч, улмаар дэлхийн хүн амын тоо энэ зуунд дээд цэгтээ хүрэх тооцоо гараад байна.

 

Хятадын хүн амын тоо хоёр дахь жилдээ буурч, 2023 онд 1.41 тэрбум болсон нь өмнөх оныхоос 2.08 саяар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн Японд 2022 оны байдлаар тэжээвэр амьтдын тоо 20 сая орчим байсан нь дөрөв ба түүнээс доош ойтой хүүхдийн тооноос бараг дөрөв дахин их байгааг тус тайланд дурджээ.

 Эх сурвалж: БЭЭЖИН /CNBC/.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.31)