Нобелийн шагналт М.Юнус өнөөдөр эх орондоо ирнэ

Нобелийн Энх тайвны шагналт Мухаммед Юнус Бангладешийн түр засгийн газрын тэргүүнээр ажиллахаар пүрэв гарагт эх орондоо эргэн ирэх төлөвтэй байна. Оюутнуудын эсэргүүцлийн жагсаалаас үүдэн Ерөнхий сайд Шейх Хасинагийн 15 жил үргэлжилсэн засаглал эцэс болсон юм.

Өдгөө 84 настай М.Юнус Бангладешт ирсэн даруйдаа буюу пүрэв гаргийн орой тангараг өргөж магадгүй байгаа бөгөөд энэ нь армийн командлагчдын амласан “маш сайхан ардчиллын үйл явц”-ын эхлэл болох юм. Долоохон хоногийн өмнө Бангладешийн арми Ш.Хасинагийн засгийн газрыг эсэргүүцсэн оюутнууд руу гал нээж, 300 хүний ​​аминд хүрч байлаа.

“Тайван байж, улс орноо бүтээн байгуулахад бэлтгэлтэй байгаарай. Хэрэв бид хүчирхийллийн замаар явбал бүх зүйл сүйрэх болно” гэж М.Юнус Бангладешийг зорихынхоо өмнө лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр Парисын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд хэлэхдээ, би эх орондоо буцаж очоод, юу болж байгааг, бидэнд тулгараад буй асуудлаас гарахын тулд хэрхэн зохион байгуулалтад орж буйг харахыг тэсэн ядан хүлээж байна гэлээ. Сонгуулийг ойрын хэдэн сарын дотор явуулна гэдэгт тэрбээр найдаж байна.

Лхагва гаргийн өглөө Дака хотын шүүх М.Юнусын холбогдсон хөдөлмөрийн хууль зөрчсөн хэргийг цагаатгажээ. Уг хэргийг улс төрийн зорилготой гэж олон хүн үздэг. Түүнд зургаан сар хорих ял оноосон боловч давж заалдах гомдол гаргах явцад батлан ​​даалтаар суллажээ. Ш.Хасинагийн өөр нэгэн өрсөлдөгч болох Ерөнхий сайд асан Халеда Зиад оноосон ялыг мөн мягмар гарагт ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болгосноор тэрбээр зургаан жилийн дараа анх удаа олон нийтэд хандаж үг хэлэх боломжтой болжээ.

Жагсагчид эхэндээ төрийн албаны ажлын байрны квотыг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлж байсан боловч Ерөнхий сайд энгийн иргэдийн эсрэг цэргийн хүч хэрэглэсний дараа засгийн газрыг эсэргүүцэж эхэлсэн байна. Олон долоо хоног үргэлжилсэн ширүүн мөргөлдөөний эцэст цэргийнхэн Ш.Хасинагаас нүүр буруулснаар Ерөнхий сайд хөрш Энэтхэг рүү нисдэг тэргээр зугтсан байна. Түүний дараа цэргийнхэн оюутнуудын хүсэлтийг хүлээн авч, 2006 онд Нобелийн шагнал хүртсэн М.Юнусыг түр засгийн газрын тэргүүнээр томилсон юм.

Эх сурвалж: ДАКА, /DW/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.248.197)