Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Петр Павел албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Петр Павел Прагийн шилтгээнд албан ёсоор угтаж авлаа.

Хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон Монгол, Чехийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, ганцаарчилсан уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Прагийн шилтгээний хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр дурсгалын үг бичиж үлдээв.

Дэвтэрт “Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Чех Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэн тунхаглаж байгаадаа баяртай байна.

Олон зууны баялаг түүхтэй, үзэсгэлэнт Прага хотын шилтгээнд зочилж, Чех Улсыг сэргээн цогцлоож, тусгаар тогтнол, орчин үеийн хөгжил, дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндлэлийг хүлээсэн Чех Улсын үе үеийн удирдагчдын хичээл зүтгэл, алдар гавьяа, үзэл санааг гүнээ хүндэтгэж байна.

Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г дэлхий дахинд тогтоож байсан лугаа адил дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэжээ.

Прагийн шилтгээн буюу Ерөнхийлөгчийн ордонд Төрийн ёслол, хүндэтгэлийн уулзалт, арга хэмжээ, гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг юм байна.

Бүгд Найрамдах Чех Улс 10 сая гаруй хүн амтай. Парламентын засаглалтай.  Ерөнхийлөгч Петр Павел 2023 оны нэгдүгээр сард таван жилийн хугацаагаар сонгогдож, мөн оны гуравдугаар сард тангаргаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Чехийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган ам.доллар. Дундаж цалин нь 45 мянга гаруй крон буюу ойролцоогоор 2,000 ам.доллар.  Үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй нь эдийн засгийн голлох салбарт тооцогддог.

 

424 тэрбум ам.долларын экспорт, 400 гаруй тэрбум ам.долларын импорт хийдэг улс юм.

 

Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоонд элссэн. Гишүүн орны хувьд Европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч еврогийн оронд үндэсний мөнгөн тэмдэгт болох чех кроноо хэрэглэсээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.14.26)