SIPRI: АНУ-ын зэвсгийн экспорт нэмэгдэж, Оросынх буурч байна

Украинд эхлүүлсэн Оросын дайн дэлхийн зэвсгийн худалдаанд ихээхэн нөлөөлсөн хэвээр байгааг дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгийн (SIPRI) жил тутмын тайлан харууллаа. 2020-2024 онд зэвсгийн импортоор Украин тэргүүлжээ. Өмнөх таван жилийнхтэй харьцуулахад тус улсын зэвсгийн худалдан авалт бараг 100 дахин нэмэгдсэн байна. 

Сүүлийн таван жилд Европын зэвсгийн импорт 155 хувиар өссөн гэж SIPRI-ийн шинжээчид тооцоолжээ. Европын Холбооны орнууд /ЕХ/ Украины армийг зэвсэглэх, түүнчлэн АНУ-ын дэмжлэг, түншлэлд итгэх итгэл суларч байгаа тул өөрсдийн батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн тулд худалдан авалтаа нэмэгдүүлж байна.

Дэлхийн зэвсгийн зах зээлд АНУ ноёрхож байна

Сүүлийн таван жилд АНУ-ын зэвсгийн экспорт эрс нэмэгдэж, дэлхийн зах зээлийн 35-43 хувьд хүрчээ. Энэ нь зэвсгийн экспортоор эхний наймд багтаж орнуудынхтай бараг тэнцэхүйц хэмжээ юм. Зэвсгийн экспортоор хоёрдугаарт Франц (9.6%), гуравдугаарт Орос (7.8%) бичигдэж байна.

2020-2024 онд Америкийн зэвсгийг 107 оронд нийлүүлжээ. Тус улсаас  Европ руу хийсэн экспорт өмнөх таван жилийнхтэй харьцуулахад 233 хувиар эрс өссөн байна. Европ тив нь 2000-аад оны эхэн үеэс хойш анх удаа Америкийн зэвсгийн экспортын гол зах зээл болсон бөгөөд 2015-2019 онд 13 хувь байсантай харьцуулахад нийт нийлүүлэлтийн 35 хувийг эзэлжээ. АНУ-ын зэвсгийг импортлогч гол орнуудын тоонд мөн Украин, Их Британи, Нидерланд, Норвег улсууд оржээ. Америкийн зэвсгийн нийт экспортын 9.3 хувийг Украинд нийлсэн бөгөөд 71 хувь нь цэргийн тусламж хэлбэрээр, нөөц зэвсгээс илгээжээ.

Америкийн цэргийн аж үйлдвэрийн цогцолборын хоёр дахь том зах зээл нь (33%) Ойрх Дорнодын бүс нутаг болжээ. Энэ нь 2015-2019 онд тус бүс нутгийн эзлэх хувь 49 хувь байсантай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. АНУ-ын зэвсгийн гол худалдан авагч нь Саудын Араб (нийт экспортын 12 хувь) хэвээр байгаа бол, Катар (7.7 хувь), Кувейт (4.4 хувь) улсууд удаалсан байна. Израил улс Америкийн зэвсгийг импортлогч орнуудаас 11 дүгээрт (3 хувь) бичигджээ.

"АНУ дэлхийн зах зээлд онцгой байр суурь эзэлж байна. Тус улсын эзлэх хувь хоёр дахь том экспортлогч орон болох Францаас дөрөв дахин их байна" гэж SIPRI-ийн  зэвсгийн экспортын хөтөлбөрийн захирал Мэттью Жорж онцолжээ.

Оросын зэвсгийн экспорт буурчээ

Оросын зэвсгийн экспорт сүүлийн таван жилд 64 хувиар буурсан гэж SIPRI-ийн тайланд дурджээ. 2020-2024 онд Орос улс дэлхийн экспортын дөнгөж 7.8 хувийг эзэлсэн байна. Оросын зэвсгийн экспортын 74 хувь нь Ази, Далайн орнууд, 12 хувь нь Африкийн орнууд, 7.4 хувь нь Европ (Армен, Беларусь, Серби), 6.4 хувь нь Ойрх Дорнодын орнуудад ногдсон байна.

Азийн орнуудын дотроос Оросын зэвсгийн гол импортлогч нь Энэтхэг улс юм. Өмнөх таван жилд Оросын нийт нийлүүлэлтийн 38 хувь нь тус улсад ногджээ. 1960-аад оноос саяхныг хүртэл Энэтхэг улс нь Зөвлөлт, Оросын зэвсгээс бараг бүрэн хамааралтай байв. Харин 2020-2024 онд байдал эрс өөрчлөгдөж, ОХУ Энэтхэгт нийлүүлж буй зэвсгийн 36 хувийг эзэлсэн бол Франц 33 хувийг нь нийлүүлжээ. 

Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадал технологийн өрсөлдөөнөөс аажмаар хоцорч байгаа тул Энэтхэг болон бусад улсад нийлүүлж буй Оросын зэвсгийн хэмжээ Украины дайн эхлэхээс ч өмнө буурч эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд огцом буурсан гэж SIPRI-ийн тайланд дурджээ. 

Европын орнууд эрчимтэй зэвсэглэж байна

Сүүлийн таван жилд Европын орнуудын зэвсгийн импорт 2015-2019 оныхтой харьцуулахад 155 хувиар нэмэгджээ. Украин улс энэ хугацаанд дэлхийн нийт импортын 8.8 хувийг эзэлснээр хамгийн том импортлогч болжээ. Бүс нутгийн бусад томоохон худалдан авагчдын тоонд мөн Их Британи (2.5 хувь), Польш (2.4 хувь) орсон байна.  

НАТО-гийн бүрэлдэхүүнд багтдаг Европын орнуудын зэвсгийн импорт сүүлийн таван жилд 105 хувиар нэмэгджээ. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа тус улсын гадаад бодлого, батлан хамгаалах бодлогод өөрчлөлт гарсан тул Европын орнууд илүү бие даасан байдлыг эрэлхийлж эхэлснийг тайланд онцолжээ. 

Гэвч өнөөг хүртэл Европын орнуудын АНУ-аас хараат байдал улам бүр нэмэгдсээр байна. 2020-2024 онд Умард Атлантын эвсэл дэх Европын гишүүн орнуудад нийлүүлсэн зэвсгийн 64 хувийг АНУ эзэлж байгаа нь 2015-2019 оныхоос (52%) хамаагүй их байна. Тус улсын дараа Франц, Өмнөд Солонгос (тус бүр 6.5 хувь), Герман (4.7 хувь), Израил (3.9 хувь) оржээ. 2024 онд НАТО-гийн гишүүн Европын орнууд АНУ-аас 472 байлдааны нисэх онгоц, 150 байлдааны нисдэг тэргийг худалдан авахаар төлөвлөж байжээ. 

Эх сурвалж: СТОКХОЛМ /DW/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.81.192)