“Модонд гацсан хэрэм” оны хамгийн хөгжилтэй гэрэл зургаар шалгарчээ
Энэ оны “Nikon” компанийн нэрэмжит амьтдын хөгжилтэй гэрэл зургийн уралдаанд модон дотор гацсан хэрэмний зураг шалгарч, хөөсөн бөмбөлөг доторх мэлхий, халзан бүргэдийн араас хөөж буй загасны зургууд удаалжээ.
Зохион байгуулагчдын ярьснаар, гэрэл зурагчин Милко Марчеттигийн “Модонд гацсан хэрэм” нэртэй зураг 9000 гаруй бүтээлээс шилдгээр шалгарсан бөгөөд энэ удаад тус уралдааны 10 жилийн түүхэнд хамгийн олон бүтээл ирсэн байна. Сонгон шалгаруулагчдын баг эцсийн шатанд 45 бүтээлийг шалгаруулсны дараа шүүгчдийн зөвлөл шилдэг бүтээл болон бусад есөн ангилалд ялагчдыг тодруулжээ.
М.Марчеттигийн авсан гэрэл зурагт улаан хэрэм модны дотогш орж буй агшинг буулгасан байна. “Миний бие Италид олон жилийн турш хэрэмний гэрэл зургийг авч байсан боловч энэ зураг надад үнэхээр инээдтэй, хачирхалтай санагдсан. Энэ зургаа бусдад үзүүлэх болгонд тэдний инээж байгааг хараад гэрэл зургийн уралдаанд оролцоё гэсэн санаа төрсөн” гэж тэрбээр ярьжээ.
“Nikon Europe” салбарын маркетинг хариуцсан ахлах менежер Стефан Майер М.Марчеттиг ялагчаар зарлаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, түүний бүтээл “байгалийн сэтгэл татам байдлыг харуулсан хөгжилтэй, таамаглашгүй мөчийг гайхалтай дүрсэлсэн” гэлээ.
Есөн төрөлд шалгарсан гэрэл зурагчдаас хачин жигтэй инээмсэглэж буй мэлхийн зургийг авсан Кингстон Там шилдэг залуу гэрэл зурагчны шагналыг хүртсэн бол 10 настай Флинн Тайтанунде-Лобб мөн хэрэмний зургуудаараа тэмцээний түүхэн дэх хамгийн залуу ялагчаар тодорчээ. Харин шилдэг дүрс бичлэг төрөлд Кевин Лохманы хийсэн, хүйтэн өглөө зүлгэн дээр хөрвөөж буй улаан үнэгний бичлэг шалгарсан байна.
Эх сурвалж : ВАШИНГТОН /CNN/.