Д.Амарбаясгалан: Төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм

УИХ-ын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа.

Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгоод, “Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөв, түүнтэй холбоотой гарсан УИХ-ын өмнөх шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан. УИХ энэ хоригийг бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн хүлээн авсны үндсэн дээр УИХ-аас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсөн нь нийгмийн анхаарал татса”-ыг онцлов.

 

Тэрбээр, “Энэ бол парламентын сул тал, чадамжгүй тухай асуудал биш харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага юм. Ерөнхийлөгч болон парламентаас чиглэл болгосны дагуу Засгийн газар төсвийг бүхэлд нь дахин боловсруулж ирүүлснийг УИХ цаг алдахгүй, шуурхай арга хэмжээ авч, олон талын оролцоотой бүтээлч хэлэлцүүлгийг хуулийн дагуу 4 үе шаттай хэлэлцэн, УИХ-ын гишүүд олон ургалч үзлээр хандлаа. Ийнхүү хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдаж буйтай холбогдуулан дараачийн холбогдох арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, УИХ-ын Байнгын хороод асуудлаа хэлэлцэж, УИХ-ын гишүүд ойлголтоо нэгтгэх, төсөв хэлэлцэх онцлог, үүнтэй холбоотой дэгээ мөрдөх; Засгийн газар эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодит суурийг тавих, төсвийг дахин хэлэлцэхэд УИХ-ын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц чиг үүргийн уялдаа холбоонд анхаарах; аймаг, нийсэл, сум, дүүргийн ИТХ, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах; төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг ойлгомжтой болгох хэрэгтэй"-г тэмдэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд төсвийн тухай хуулийг олон ургалч үзлээр, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.244.40)