Ажил үүргээ гүйцэтгэж явсан 54 сэтгүүлч амиа алджээ
Энэ онд дэлхий даяар мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байсан 54 сэтгүүлч амиа алдсан тухай “Хил хязгааргүй сэтгүүлчид” /RSF/ байгууллагаас жил тутам гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний байдлын тухай илтгэлд дурджээ. Ялангуяа зэвсэгт мөргөлдөөн болж буй бүс нутгуудад ажиллаж байгаад амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо сүүлийн таван жилийнхтэй харьцуулахад хамгийн өндөр байна.
Мөн өнөөдөр дэлхий даяар 550 сэтгүүлч шоронд хоригдож байгаа нь 2023 оныхоос 7 хувиар өссөн тоо юм.
Дээр дурдсан 54 сэтгүүлчдийн гуравны нэг нь Газын зурваст амиа алдсан байна. ХАМАС бүлэглэл 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израил руу халдсанаас хойш нийтдээ 145 хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгдсэн тухай RSF байгууллагын илтгэлд дурдсан байна. Оросын цэрэг 2022 оны хоёрдугаар сард Украинд халдан довтолсноос хойш 13 сэтгүүлч амиа алджээ.
Хоригдож буй нийт сэтгүүлчийн тал орчим хувь нь Хятад ба Хонконг /124/, Мьянмар /61/, Израил /41/ ба Беларусь /40/ гэсэн дөрвөн улсын шоронгуудад хоригдож байна. Түүнчлэн энэ онд ОХУ-д 8 сэтгүүлч баривчлагджээ. Газын зурваст дайн эхэлснээс хойш Израилд сэтгүүлчдийг байнга мөрдөн мөшгиж байгаа бөгөөд энэ онд гэхэд 17 хүн баривчлагдсан байна.
"Хэвлэл мэдээллийн ажилтнуудын амийг хөнөөж, шоронд хорьж, хулгайлсаар байгаа бөгөөд ихэнх тохиолдолд эдгээр хэрцгий хэргийг үйлдэгсэд шийтгэлгүй өнгөрч байна. Бидэнд мэдээлэл дамжуулж байгаа хүмүүсийг бид хамгаалах ёстой. Тэдний эрсдэлтэй зоримог үйл ажил нь дайн, авлига, эрх мэдлээ хэтрүүлснээс үүдэлтэйгээр хүмүүст учирч буй зовлон шаналлыг ил болгож байдаг” гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын Герман дахь салбарын удирдлагын гишүүн Аня Остерхаус хэллээ.
Эх сурвалж : БЕРЛИН /DW/.