ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ ЭМЭГТЭЙ БҮРИЙН ӨГВӨЛ ЗОХИХ ШИНЖИЛГЭЭ №1

Хамгийн энгийн юм шиг хэрнээ их том ач холбогдолтой 2 шинжилгээний талаар ярилцацгаая.

-       Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

Бүсгүй минь таны үзэсгэлэнт царай цонхийж цайгаад, огцом хөдөлгөөн хийх тоолонд толгой эргэн ганхаад, зүрх байн байн савлаад, юм л бол ядарч, юу ч хийгээгүй байхад л бие сульдаад нэг л таагүй мэдрэмжүүд ар араасаа хөврөөд байгаа юм биш биз?

Хэрвээ тийм бол хамгийн сүүлд хэзээ цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгснөө та санаж байна уу?

Санахгүй байна гэж үү? Тэгвэл магадгүй танд маргааш өглөө лаборатори явах ажил гарах нь байна шүү. Эмэгтэйчүүд бид сар бүр уулздаг нэг найзынхаа ачаар цус багадалтанд маш өртөмтгий байдаг гэдгийг, цус багадалт хүндэрчихвэл тун олон сөрөг үр дагавар дагуулж болдог гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

-       Үтрээний наалдацын шинжилгээ

‘’Үтрээний ялгарал бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн толь юм’’ гээд өөрөө тодорхойлолт зохиогоод хэлчихвэл лав буруудна гэж би бодохгүй байна.

Тийм учраас л эмэгтэй хүн бүр үтрээний ялгарал, түүний өнгө, үнэр, хэмжээ зэргийг ажигладаг, хянадаг, өөрчлөлт илэрсэн тохиолдолд анхаардаг, эмчид ханддаг, мазок-н шинжилгээ өгдөг, эмгэг илэрбэл цаг алдалгүй эмчилгээ хийдэг байх ёстой юм шүү дээ.

Харин үтрээний наалдацын шинжилгээ өгөхийн өмнө шинжилгээний хариунд нөлөөлж болох зарим нэг зүйлсээс татгалзах шаардлагатай байдаг гэдгийг та нар минь хэр сайн мэдэх вэ?

Хэрвээ мэддэггүй бол миний зүгээс бэлдсэн бяцхан ‘’шипи’’ - г хүлээн авна уу:

-       Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнийг сайтар угаасан байх

-       Сүүлийн 48 цагийн дотор үтрээний лаа хэрэглээгүй байх

-       Үтрээний дотуур угаалга, үнэр дарагч цацлага зэргээс татгалзах

-       Сүүлийн 48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх

-       Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх

Эх сурвалж: cumlaudelab.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.113.131)