Агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгжүүдтэй хамтарна

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж дэмжлэгээр агаарын бохирдлыг бууруулах уриалга дэвшүүлсэн. Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд аж ахуй нэгж байгууллагууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад таван тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.   

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, “Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг салбар, яам, байгууллагын асуудал биш. Үүнд иргэд, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага гэх мэт олон талын оролцоо чухал. Эдгээр компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хандивлаж байгаа мөнгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үр дүнтэй зарцуулна. Ямар төсөлд хөрөнгө оруулалтад хийх вэ, хэрхэн хамтарч ажиллахыг Үндэсний хорооны хурлаар шийднэ” гэв.

“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд “Моносфарм”, “Саусгоби Сэндс”, “Бороогуолд”, “Монполимент” зэрэг 10 байгууллага гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээг бусад аж ахуй нэгж ч хийх боломжтойг энэ үеэр онцлов.

Гэрээний хүрээнд “Монос” групп энэ онд агаарын бохирдлыг бууруулахад хоёр тэрбум төгрөг зарцуулахыг тус компанийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг хэлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад олон их наяд төгрөгийн зардал гаргасан ч юунд зарцуулж, хэдэн хувиар буурсан нь тодорхойгүй байна. Аж ажуйн нэгж энэ үйл ажиллагаанд оролцохдоо өөрсдийн хяналтаа тавина. Хөрөнгө оруулалтыг зөв зүйлд зарцуулж байгаа эсэхийг  хянаснаар тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.171.120)