"Алсын хараа-2050"-ийг хэлэлцэв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуув. Тэрбээр, өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийг үл үзэгдэгч гар өөрөө зохицуулж ирнэ гэж эдийн засгаа хэт чөлөөтэй хаясныг онцлон тэмдэглээд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улс хөгжлийн ямар загвар барих болсныг лавлав.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариултдаа, “Алсын хараа-2050”-г Монгол хөгжлийн загвар гэж тодорхойлохыг хүсэж байгаа. Өнгөрсөн хугацаанд аль нэг улсын хөгжлийн загварыг хуулбарлаж, тэр нь бүтээгүй ирсэн. Иймд өргөн уудам газар нутагтай, хоёр хөрштэй, далайд гарцгүй, хүн ам цөөн улсын хувьд, өөрийн онцлогт тулгуурласан загварчлал гаргах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг дурдав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болов.