Билли Айлиш, Charli XCX нар нэг тайзнаа хамтран дууллаа
Дуучин Билли Айлиш “Hit Me Hard and Soft” нэртэй аялан тоглолтоо есдүгээр сараас хийж эхэлсэн билээ. Тэгвэл тэрээр Лос-Анжелес хотын Kia Forum-д болсон тоглолтынхоо үеэр дуучин Charli XCX-тэй нэг тайзан дээр хамтран Guess дууг дуулжээ. Guess дуу нь Charli XCX-ийн "Brat" цомогт багтсан бүтээл бөгөөд энэ оны наймдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор цацагдсан юм.
Энэхүү аялан тоглолтын шоу бүрд тусгай уран бүтээлч ирэх бөгөөд тэдний дунд The Marías, Towa Bird, Nat болон Alex Wolff, Ashnikko болон Finneas нар багтжээ. Мөн 2025 оны хоёрдугаар сарын 2-нд зохиогдох Грэмми шагнал гардуулах ёслолын дараа түүний олон улсын аялан тоглолтын дараагийн хэсэг Австралиас эхлэхээр төлөвлөгджээ.
Билли Айлишийн туслах дуучнаар Жейн, Ава нар ажиллаж байгаа ба тэд Айлишийг багаасаа мэддэг байжээ. Энэ аялан тоглолт нь тэдний хувьд анхны хамтарсан аялан тоглолт болж байгаа аж. "Бид ахлах сургуульд байхдаа найзууд байсан хэдий ч амьдрал өөрчлөгдөж бидний зам салсан ч цаг хугацаа өнгөрсний дараа бүх зүйл дахин байрандаа орж, бид хамтдаа энэ тайзан дээр гарлаа" гэж Билли хэлжээ.
Өдгөө 23 настай Билли Айлиш карьерынхаа хугацаанд есөн Грэмми, хоёр Оскар хүртэж, Billboard Hot 100 чартыг тэргүүлсэн ХХI-р зууны хамгийн анхны уран бүтээлч болохын сацуу маш олон хит дуу бичиж, дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй болж чадсан гайхалтай уран бүтээлч юм.