“Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Монгол Улсад Үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн орчин бүрдэж, хяналт зохицуулалтын институци бий болсны 30 жилийн ойд зориулж, “Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” нэг унцын мөнгөн дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.

Зоосыг үйлдвэрлүүлэн хүлээн авч, нээлтийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгуулав. Төв банкаас улс орны түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан дурсгалын зоос гаргадаг. “Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 31.1 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, классик рилийф (classic relief) технологиор “Койн Инвест Траст” компанид үйлдвэрлүүлжээ.

УИХ-аас 1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулах зорилгоор Үнэт цаасны тухай хуулийг баталсан юм. Үнэт цаасны зах зээлийн харилцааны анхны бие даасан эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсний 30 жилийн ойг тохиолдуулан тус зоосыг гаргасан байна. Дурсгалын зоосны нүүрэн талд Монголд орчин цагийн банкны салбар бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, “Тэрбум мод” сан, бусад байгууллагатай хамтран хөрөнгийн зах зээлийн өсөлт, хүч чадлыг бэлгэдэн бүтээлгэсэн бухын хөшөөг дүрсэлж, ар талд нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны логог байршуулжээ.

Бухын хүрэл хөшөөг Монголын Урчуудын эвлэл, уран бүтээлчид санхүүгийн зах зээлийн бэлгэдэл болгон дүрслэлийг өөрийн орны онцлог, ёс бэлгэдлийг шингээн урлажээ. Бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэрт зохиомжилсон нь санхүүгийн зах зээлийн зүй тогтол, тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх агуулгыг гүн шингээснийг төв банк мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.72.220)