“Алтан намар-2024” ургацын баярыг тэмдэглэж байна

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлохоор Атрын гурван удаагийн аяныг өрнүүлсэн түүх, ололт амжилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ургацын баярыг нээж хэлсэн үгэндээ дурдаад, үндэсний аюулгүй байдлын чухал асуудал нь хүн аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах учир байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой ёстойг онцолсон юм. Иймээс ч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар санаачлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 114 төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа.

 

Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн сүүлийн хоёр жилд арилжааны банкаар 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр хүнсний салбарт 24 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсаныг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тодотголоо. Үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ боломж нээж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэх, ядуурал багасах олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улс “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүнс экспортлогч орон” болохыг зорьж, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөн, ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт байршуулахаар УИХ, Засгийн газраас шийдвэр гаргасан билээ. Цаашид байгаль орчинд ээлтэй, бүсчилсэн хөгжил, тогтвортой хөгжлийг дэмжсэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарах учиртайг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

 

  Тодруулбал, төр, хувийн хэвшлийн    зүгээс:

  -Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт,   шороон шуургыг багасгаж, ногоон   хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт   технологи, инновацад суурилсан,     дэлхийн жишигт нийцсэн, экспортод   чиглэсэн газар тариалангийн   салбарыг хөгжлийн шинэ түвшинд   гаргах шинэчлэл, бодлого   хэрэгжүүлэх;

-Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн газар тариалангийн кластер, цогцолборууд байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэх, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, ЖДҮ-үүдийг байгуулах, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх;

-Эрүүл ахуй, чанарыг шат шатандаа анхаарч, аюулгүй байдлын хяналтыг эрс чангатгах;

-Төсөв, хөрөнгийн нөөц боломжоо зөв ашиглаж, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг санхүүгийн хөшүүргийг оновчтой, хүртээмжтэй болгон, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжихэд анхаарах шаардлагатайг онцлов.

Ингэснээр ард иргэдээ гарал үүсэл тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангаж, ажлын байрыг нэмж, амьдралын чанарыг сайжруулж, улмаар Монгол Улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ хэмээсэн юм.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын мэндийг хүргээд, Монголд шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөө аж ахуйн салбарыг бүрдүүлэхэд ЗХУ дэмжиж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэн, мэргэжилтэн, зааварлагчдыг томилж байсныг дурдаж, хоёр улсын хамтын түүхийн баатарлаг хөдөлмөрийн хуудас мөн гэдгийг онцоллоо. Цаашид Дархан-Уул аймаг, Дархан хотыг шинэчлэн хөгжүүлж, энэ бүс нутагт шинэ үйлдвэрүүд байгуулж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд гаргаж буй экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмснээр ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлтийг өсгөх, тэнцвэржүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа хэлэв.

“Алтан намар-2024” ургацын баярын үеэр хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи,  шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочлох үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, тариаланч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэдтэй уулзан, техникийн парадыг үзэж сонирхсон юм.

Ташрамд дурдахад, 1959 онд эхэлсэн Атрын анхдугаар аяны дүнд 10 сангийн аж ахуй, салбарын үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг шинээр байгуулж, 6 жилийн дотор 1 сая орчим га атар газрыг эзэмшиж, анх удаа 516 мянган тонн үр тариа хураан авсан түүхтэй. Харин атрын хоёрдугаар аяныг 1976 онд эхлүүлснээр 1989 онд 1.2 сая га эргэлтийн талбайтай болж, 840 мянган тонн үр тариа, 155 мянган тонн төмс, хүнсний ногоо, нэг сая гаруй тонн таримал тэжээл, хадлан хураан авч байв. Гэвч нийгэм, эдийн засгийн шилжилтээс үүдэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сорилт тулгарч, үр тариа, гурилынхаа 70 гаруй, төмс, хүнсний ногооны 50 гаруй хувийг импортоор авч, үр тарианы ургацын хэмжээ 2005 он гэхэд 77 мянган тоннд хүрсэн нь атрын хоёрдугаар аяны үеэс 90 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байлаа.

Монгол Улсын Засгийн газар 2008-2010 онд атрын гуравдугаар аян болох Тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тариалангийн эргэлтийн талбайг 650 мянган га-д хүргэн сэргээж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.17)