Дэлхий даяар зэвсгийн худалдаа өсжээ
Өнгөрсөн 2023 онд Украин, Газын зурваст болж буй дайн, Ази дахь хурцадмал байдал зэрэг нь зэр зэвсэг үйлдвэрлэгч томоохон компаниудын борлуулалтыг нэмэгдүүлж, Орос болон Ойрх Дорнод дахь үйлдвэрлэгчдийн борлуулалт мэдэгдэхүйц өсжээ.
Олон улсын энх тайвны судалгааны Стокхолмын хүрээлэнгийн /SIPRI/ тайланд дурдсанаар, дэлхийн хамгийн том 100 зэвсэг үйлдвэрлэгч компанийн зэвсэг техник, цэргийн үйлчилгээний борлуулалт 2023 онд 4.2 хувиар өсөж, 632 тэрбум ам.долларт хүрсэн байна.
2022 онд зэвсэг үйлдвэрлэгчид өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад хүндрэлтэй тулгарч байсан бол өнгөрсөн жил тэдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чаджээ. Судалгаанд хамрагдсан 100 компани тус бүр өнгөрсөн онд анх удаа нэг тэрбум ам.доллароос давсан борлуулалт хийсэн нь эрэлт нэмэгдэж байгаагийн бас нэгэн илрэл юм.
“2023 онд зэвсгийн орлого мэдэгдэхүйц өссөн бөгөөд энэ үзүүлэлт 2024 онд ч үргэлжлэх төлөвтэй байна” гэж SIPRI-гийн цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн судлаач Лорензо Скаразато ярьжээ. Дэлхийн шилдэг 100 зэвсгийн компанийн борлуулалт “эрэлтийн цар хүрээг бүрэн тусгаж чадаагүй хэвээр байгаа бөгөөд олон компани ажилчдыг сонгон шалгаруулж эхэлсэн нь цаашдын борлуулалтаа өөдрөгөөр харж буйг илэрхийлнэ” гэж тэрбээр нэмж хэллээ.
Жижиг үйлдвэрлэгчид Газын зурвас, Украины дайн, Зүүн Азид хурцадмал байдал нэмэгдсэн, мөн бусад бүс нутагт зэвсэглэлийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтэй холбоотой эрэлт хэрэгцээг хангахад илүү үр нөлөөтэй байсан гэж тус хүрээлэнгийн тайланд дурджээ. SIPRI-гийн Цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн захирал Нан Тиан хэлэхдээ, тэдгээр үйлдвэрлэгчдийн ихэнх нь ямар нэг зэвсгийн эд ангиудын үйлдвэрлэлээр дагнасан эсвэл нэг багц нийлүүлэлтийн сүлжээг шаарддаг системүүдийг үйлдвэрлэдэг гэдгийг онцолсон байна.
Тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн дотроос Америкийн компаниуд өнгөрсөн онд борлуулалтаа 2.5 хувиар өсгөж, дэлхийн зэвсгийн худалдааны орлогын тал хувийг бүрдүүлсэн хэвээр байгаа бөгөөд АНУ-ын 41 зэвсэг үйлдвэрлэгч компани топ-100-д багтжээ. Харин дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin” болон “RTX” /хуучнаар Raytheon Technologies/ компаниудын орлого 1.6 хувь, 1.3 хувиар тус тус буурчээ. Н.Тианы хэлснээр, иймэрхүү том компаниуд нь “ихэвчлэн нарийн төвөгтэй, олон шатлалт ханган нийлүүлэлтийн сүлжээнээс хамаардаг тул 2023 онд нийлүүлэлтийн сүлжээнд нүүрлэсэн сорилтод өртсөн байна".
Шилдэг 100 компанийн 27 нь болох Европын зэвсэг үйлдвэрлэгчдийн орлого дунджаар ердөө 0.2 хувиар өсжээ. Гэвч зэвсгийн цогц систем үйлдвэрлэдэг Европын компаниуд өнгөрсөн жил өмнө нь байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байсан тул орлогынх нь үнийн дүнд түүнээс хойших захиалгуудын орлого тусгагдаагүй байна.
“Үүний зэрэгцээ Европын бусад хэд хэдэн үйлдвэрлэгчийн орлого Украины дайнтай холбоотойгоор, ялангуяа сум, их буу, агаарын довтолгооноос хамгаалах болон хуурай замын системийн эрэлтээс шалтгаалан өссөн” гэж тайланд бичжээ.
ОХУ-ын талаарх тоо баримт хэдийгээр бүрэн бус боловч эдийн засаг нь улам бүр дайнд чиглэж байгааг илэрхийлж байна. Тайланд багтсан Оросын хоёр группийн борлуулалт 40 хувиар өссөн нь төрийн өмчит “Rostec” конгломерат компанийн борлуулалт 49 хувиар өссөнтэй холбоотой.
Украины дайн болон Газад явуулсан Израилын довтолгооны эхний саруудад Ойрх Дорнодын зэвсэг үйлдвэрлэгчдийн худалдаа ихээхэн нэмэгдэж, борлуулалт нь дунджаар 18 хувиар өссөн байна. Энэхүү жагсаалтад багтсан Израилын гурван үйлдвэрлэгч 13.6 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн бол нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч “Baykar” зэрэг Туркт байрладаг гурван группийн борлуулалт 24 хувиар өссөн байна.
Ази тивийн орнууд зэвсгээ шинэчлэх хандлагатай байгаа нь Өмнөд Солонгосын дөрвөн үйлдвэрлэгчийн борлуулалтын өсөлтөөс илт ажиглагдсан ба тэдгээрийн орлого дунджаар 39 хувиар өссөн бол Японы таван компанийнх дунджаар 35 хувиар өсжээ. Мөн Хятадын есөн үйлдвэрлэгчийн хувьд “эдийн засаг удааширч байгаа үед” орлого нь дөнгөж 0.7 хувиар өссөн боловч борлуулалт нь 103 тэрбум ам.доллар хэвээр байжээ.
Эх сурвалж : СТОКХОЛМ /AFP/.