Сирийн босогчид Алеппо хотыг эзэлжээ

Сирийн босогчид Алеппо хотыг бүрэн хяналтдаа авч өмнө зүгт давшилтаа үргэлжлүүлсээр байгаа бол Оросын нисэх онгоцууд Башар Асадын хяналтдаа авч чадаагүй байгаа газар нутагт цохилт өгсөөр байна гэж Их Британид төвтэй Сири дэх Хүний эрхийн байдлыг ажиглах төв /SOHR/ мэдээлжээ. 

Сөрөг хүчний цэргүүд Сирийн дөрөв дэх том хот болох Хамагаас холгүй тосгонд байрлаж байгаа бөгөөд Б.Асадын засгийн газар сүүлийн хэдэн цагт ихээхэн нэмэлт хүч илгээж, Хама мужийн хойд хэсэгт орших Тайбат Аль-Имам хот болон Хаттаб, Суран тосгонууд, мөн тус мужийн баруун хойд хэсэгт орших Христэд итгэгчид голдуу амьдардаг АС-Сукайлабия, Махрада хотуудад хамгаалалтын шугам байгуулж байна гэж тус төвийн ажиглагчид мэдээлжээ.  

Засгийн газрын цэргүүд Алеппогоос гарсан гэдгийг SOHR төвийнхөн AFP агентлагт мэдээлжээ. Сирийн сөрөг хүчнүүд буюу “Хайят Тахрир аш-Шам” хөдөлгөөн болон Туркийн талыг баримтлагч бүлэглэл Сирийн хоёр дахь том хот болох Алеппод курдуудын хяналтад байгаа хэсгүүдээс бусад хэсгийг үндсэндээ бүрэн хяналтдаа авсан байна. 

Идлиб, Хама хотууд нь Алеппогоос өмнө зүгт оршдог. Сөрөг хүчний цэргүүд Идлиб хотын баруун хойд хэсэг болон хөрш зэргэлдээ мужийн ихэнх хэсгийг эзлэн авчээ. 

Сирийн арми босогчдын эсрэг сөрөх давшилт хийхээр бэлтгэж байна гэж Сирийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Орос, Сирийн байлдааны онгоцууд Идлиб, Хама мужуудын хойд хэсэгт босогчдын байрлалд дахин цохилт өглөө гэж тус яамны фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна. 

Алеппо хот нь Оросын агаарын хүчний хүчтэй дэмжлэгтэйгээр засгийн газрын цэргүүд эзлэн авах хүртэл буюу 2016 он хүртэл Сирийн босогчдын гол түшиц газар байсан юм. 

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болж буй үйл явдлын талаар бямба гаргийн орой анх удаа мэдэгдэл хийжээ. Тэрбээр камерын өмнө гаралгүй мэдэгдэл хийсэн байна.

Сирийн Ерөнхийлөгчийг хаана байгаа тухай баттай мэдээлэл хэд хоногийн турш гараагүй боловч түүний ажлын албанаас дараах мэдэгдлийг нийтэлжээ. “Сири улс террористууд болон тэднийг дэмждэг хүмүүсээс тогтвортой байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалсаар байна. "Террористууд хэчнээн олон удаа халдсан ч гэлээ найз нөхөд, холбоотнуудынхаа тусламжтайгаар тэднийг ялж, устгаж чадна" гэж Б.Асад Арабын Нэгдсэн Эмирт Улсын удирдлагатай утсаар ярих үеэрээ хэлжээ. 

Эх сурвалж : АЛЕППО /BBC/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.83)