Хөхний даруулга, өсгийтэй гутал нуруунд хэрхэн нөлөөлдөг вэ?
Ихэнх хүний хувьд бага наснаас эхлэн нуруунд нь өөрчлөлт орох нь элбэг. Ивэрхий, бөгтгөр, сколиоз буюу мурийлт зэрэг нурууны асуудлууд нь олон хүний амьдралд байнга асуудал, зовуурь үүсгэж байдаг. Маш цөөн хүн үүнийг засах гэж оролддог хэдий ч өөрийн мэдэлгүй нөхцөл байдлыг улам дордуулах зүйл өдөр бүр хийж байдаг гэдгээ мэддэггүй. Тухайлбал хөхний даруулга, өсгийтэй гутал болон бусад зүйлс хүний нуруунд асар их нөлөө үзүүлдэг бөгөөд энэ талаар фитнес дасгалжуулагч, эрүүл мэнд, гоо сайхны мэргэжилтэн Ольга Кучерова хуваалцаж байна.
Сурагч насны зуршлууд нурууны эрүүл мэндэд том нөлөө үзүүлдэг
Нурууны эрүүл мэнд сургуульд сурч байх үед хүндрэх эрсдэлтэй. Сурагчийн ширээний ард 11 жил буруу суух, биеийн тамирын хичээл дээр дасгал хөдөлгөөнийг буруу хийх гээд дурдаад байвал олон хүчин зүйлс бий. Жишээлбэл галуун цуваа дасгал нь өвдгөнд ачаалал өгч, асуудал үүсгэх эрсдэл бий болгодог бөгөөд цаашлаад нуруунд ч нөлөөлнө. Учир нь ийм төрлийн дасгалыг хүүхдүүд хэдэн тойргоор хийдэг ба энэ нь нуруунд хүнд ачаалал өгдөг. Нуруу асуудалтай үед хүчний дасгал хийх нь хориотой.
Өсвөр буюу 9-15 насанд хүүхдийн өсөлт хамгийн эрчимтэй явагддаг. Ясны масс хурдан нэмэгддэг ч булчингийн масс хараахан үүнийг гүйцэж чаддаггүй. Хэдийгээр булчингийн масс ясны хамгийн гол тулгуур, дэмжлэг байдаг ч энэ үед мөгөөрсний эд эсийн хөдөлгөөнт, зөөлөн, уян хатан шинж чанарыг агуулж байдаг тул аливаа ачаалал нь тулгуур эрхтний тогтолцооны мурийлтыг нэмэгдүүлдэг. Иймд сурагчийн ширээнд буруу суух болон гүйлт, суниалт зэрэг хэт өндөр ачаалалтай дасгалууд нь нурууны мурийлт, булчингийн чангарал үүсэхэд нөлөө үзүүлдэг байна.
Тэгш нуруу=Чанга хөх
Өсвөр насанд ихэнх охидын хувьд хөх нь бүрэн гүйцэд ургаж дуусаагүй байдаг. Гэсэн ч бид бөгтийж эхэлснээс болж нуруунд мурийлт үүсдэг. Бие махбод уг ачааллыг нөхөхийг хичээж, улмаар цээж болон бусад хэсэгт булчин чангарч, цусны эргэлт болон тунгалгийн системийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Тунгалгийн системийн үйл ажиллагаа алдагдсанаар шингэн зогсонги байдалд орж хөхний эрүүл мэндэд аюул учруулдаг. Эцэстээ тунгалгийн зогсонги байдал нь неоплазм буюу эсийн хэвийн бус хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг аж.
Цусны эргэлтийн систем нь ачаа тээвэртэй адил хүний бүх эд эрхтэнд микроэлементүүдийг хүргэдэг. Цусны урсгал удааширсан үед микроэлементүүд нь эрхтэн, тэр дундаа цээжний хөндий буюу хөхөнд хүрч чаддаггүй. Ингэснээр хөх генетикийн хувьд хүрэх боломжтой дээд хэмжээндээ ч хүрч чаддаггүй тул хэлбэр, уян хатан чанараа хурдан алддаг. Тиймээс тэгш нуруу, цээж нь хөхийг давхар чангалж байдаг гэсэн үг юм. Бөгтгөр, мурийлт зэргийг арилгаснаар цээжний хэсэг хэвэндээ буцаж орох үед хөх бүрэн хөгждөг. Тиймээс 40 жилийн дараа ч жижиг байсан хөхөө нэг хэмжээгээр томсгох боломжтой.
Өргөгч, тулгуур төмөр, зөөлөвчтэй хөхний даруулга нь хөхний гоо сайхан болон нуруунд сөрөг нөлөө үзүүлдэг
Эдгээр хүчин зүйлсээс болж цээж, нуруу, мөрөнд хөндүүр үүссэн байдаг. Диафрагм буюу уушгины доор байрладаг амьсгалын булчингийн үйл ажиллагаа алдагдсанаар цус руу очих хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, толгой өвдөж, амьсгал хүндэрдэг. Мөн түүнчлэн нуруу, мөр дарагдаж, шахагдсанаас болж тэгш хэм нь алдагдана.
Даруулгын төмөр нь тунгалгийн зангилааны хэсэгт байрладаг бол мөр нь эгмийн хэсэг рүү шигдэж ордог. Ингэснээр тунгалаг болон цусны эргэлт саарна. Коллаген, эластин цусны урсгалтай хамт хүний биед орж байдаг бөгөөд тунгалаг нь хөхний уян хатан чанар, хэлбэрт нөлөөлдөг. Улмаар нүүрний хэлбэр, арьс, цээжний хэсэгт эрт хөгшрөлт явагдах боломжтойгоос гадна неоплазм үүсэх эрсдэлтэй.
Хөх өргөгч буюу “пуш-ап” нь хөхийг өргөж, гоё харагдуулдаг хэдий ч буруу байрлалд оруулж, зарим газраа шахсан байдалтай удаан байлгаснаар неоплазм үүсгэхээс гадна хөхний бүтцэд өөрчлөлтөд оруулдаг. Үүнээс үүдэн олон эмэгтэй хөхний хагалгаа хийлгэдэг. Мөн хөхний даруулгын поролон нь халууцуулж, арьсанд тухгүй мэдрэмж төрүүлэх нь бий.
Дээрх төрлийн дотуур хувцаснаас салахгүй бол эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсоор байх болно. Иймд зөөлөн, спорт, төмөргүй, зөөлөвчгүй, бие бариагүй, цусны эргэлтэд саад болоогүй хөхний даруулга сонгохыг зөвлөж байна.
Өсгийтэй гутал эрүүл мэнд, нуруунд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Өсгийтэй гутал өмсөх гоё, сайхан харагддаг ч алсдаа эрүүл мэнд, гоо сайхныг үгүй хийж байдаг. Өсгийтэй гутлын урд хэсэг нарийн байдаг учир хөлийн хуруунуудын хөдөлгөөнийг хязгаарладаг. Үүнээс улбаалан хуруунуудын хэлбэр алдагдаж “Hallux valgus” буюу хөлийн эрхий хуруу болон чигчий хурууны гажиг үүсдэг байна.
Эмэгтэй хүн өсгийтэй гутал өмссөн үед биеийн жингийн 80% нь хөлийн улны урд хэсэгт ирдэг. Ийнхүү жигд бус ачаалал өгснөөр хөлийн ул хавтгай болох эрсдэл үүсдэг байна. Хавтгай ул нь нурууны бүх хэсэгт сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд үүнд сколиоз, варикоз, аарцгийн эрхтнүүдийн байрлал алдагдах, аарцгийн булчин сулрах эрсдэл багтана.
Хавтгай улнаас болж биеийн тэгш хэм алдагдахаас гадна хөлийн ул болон өвдөгний үед ачаалал ирдэг. Тэнцвэрийг хадгалахын тулд бидний бие махбод аарцаг хэсгийг далийлгаж, ачааллыг нэг талд бүтэн хуваарилдаг. Ингэснээр мөр, хүзүүний хэсэг хазайж эхэлдэг. Улмаар хүндийн төв цэг өөрчлөгдсөнөөр нуруунд ирэх ачаалал нэмэгддэг бөгөөд энэ нь цаашид сколиоз үүсгэхэд хүргэдэг. Бага гэлтгүй аливаа мурийлт нь ходоод гэдэсний үйл ажиллагаа, цусны эргэлт, тунгалгийн үйл ажиллагааг алдагдуулна.
Иймд өсгийтэй гутал сонгохдоо няхуур байх хэрэгтэй. Гутлын размер, загварт анхаарал хандуулахаас илүүтэй таны хөл, хуруунд хэр эвтэйхэн, хэр тухтай, хөдлөхөд чөлөөтэй байгаа эсэхээс хамаарч худалдан авалт хийхийг зөвлөж байна.
Гэрийн шаахай
Гэрийн шаахай өмсөх үед бид шаахайг унагаахгүйн тулд өөрийн мэдэлгүй хуруунуудаа хавчиж байдаг. Ингэснээр хөлийн хуруу, нум зэргийн хэвийн ажиллагаа алдагдаж, шагайны хэсгээр хэт ачаалал үүсэж, судасны асуудал, хөлийн өвдөлт бий болдог байна. Тиймээс хамгийн зөв зүйл бол хөл нүцгэн явах юм. Өөрийн тухтай газраа үргэлж хөл нүцгэн явахыг зөвлөж байна. Ингэснээр хөлийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, мэдрэлийн төгсгөлийн хэсгүүд идэвхжиж өгнө.
Хөлийн улны дасгал
Хөлийн уланд массаж хийх, бэхжүүлэх дасгал хийх нь ихээхэн ач тустай:
1. Нэг хөл дээрээ нөгөө хөлөө тавьж зогсоно.
2. Дээд хөлийн хуруунуудаар тулгуур хөлөө хавчихыг хичээнэ.
3. Хөл тус бүр дээр хоёр удаагийн давтамжтайгаар 30 секунд хийнэ.
Хөлийн улны зөв байрлал болон булчингийн зөв ажиллагаа нь аарцгийн эрхтнүүд, нуруу, бүх биеийн эрүүл мэнд төдийгүй арьсны гоо сайхан, цаашлаад өгзөгний чанга байдалд хүртэл нөлөөлдөг билээ.