Ван И: АНУ-ыг улаан шугам давахгүй байхыг анхааруулжээ
Хятадын гадаад хэргийн сайд Ван И баасан гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй хэлэлцээ хийх үеэрээ АНУ Хятадын үндсэн ашиг сонирхлыг эсэргүүцэж, улс орных нь хөгжлийг дарж байна гэж мэдэгджээ.
Тэрээр “Хятад, Америкийн харилцаа тогтворжсон ч харилцаанд сөрөг хүчин зүйлс нэмэгдсээр байна" гэдгийг онцолсон байна. Блинкен өнгөрсөн пүрэв гарагт Шанхайгаас Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд тус улсад байгаа АНУ-ын компаниудад ижил тэгш өрсөлдөөний нөхцөл бүрдүүлэхийг Хятадын Засгийн газраас хүссэн байна.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Бээжин, Вашингтон хоёр хамтран ажиллах эсвэл сөргөлдөх гэсэн хоёр сонголт байгааг анхааруулжээ. Түүнчлэн Хятад улс АНУ-тай тогтвортой, харилцан ашигтай, "хож-хож хамтын ажиллагаа"-ыг бий болгохыг зорьж байна хэмээсэн байна. Гэсэн хэдий ч үүнийг үргэлжлүүлэхийн тулд Вашингтон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эсвэл улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн асуудлаар Бээжингийн "улаан шугам"-ыг давах ёсгүй гэдгийг онцолсон байна. “Нэг Хятад” бодлогыг цаасан дээр хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч АНУ өөрийгөө удирддаг аралтай харилцаагаа хадгалж, Тайбэйг зэвсгээр хангадаг гэдгийг Ван И мөн тодотгосон байна. Харин АНУ-ын албаны хүмүүс Бээжин Москвад ямар ч зэвсэг нийлүүлээгүй ч Хятадад үйлдвэрлэсэн онгоцны эд анги, машин хэрэгсэл нь Оросыг цэргийн аж үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд тусалсан гэж буруутгасан байна.