Олимпын галт бамбарыг Францад авчирлаа

Олимпын галт бамбарыг XIX дүгээр зууны үеийн хөлөг онгоцоор зөөвөрлөн Францын Марсель хотод лхагва гарагт авчирлаа. Энэхүү үйл явцыг 150 мянга гаруй хүн үзжээ.

Олимпын наадам эхлэхээс 79 хоногийн өмнө галт бамбарыг “Белем” хөлөг онгоцоор Грекээс Францын өмнөд нутгийн боомт хотод авчирсан нь энэ юм.

Хөлөг онгоц Марселийн боомтод орж ирэх үед түүнийг олон зуун жижиг завь дагалдан явж байсан бөгөөд “Patrouille de France” багийн нисэх онгоцууд Францын далбааны гурван өнгө болох улаан, цагаан, цэнхэр өнгийн утаа татуулан үзүүлбэр үзүүлжээ.

 

Олимпын галыг дөрөвдүгээр сарын 16-нд Грек дэх эртний Олимпын тууринд асааж, тус улсын нутаг дэвсгэрээр 12 хоног аялуулсны дараа “Белем” хөлөг онгоцонд байрлуулж, ёслолын буудлага үйлджээ.

Харин гал Марсельд ирэх үед Олимпын аварга, усан сэлэлтийн тамирчин Флоран Маноду хөлөг онгоцны тавцангаас бамбарыг авч явсан байна. Дараа нь бамбарыг Паралимпын аварга, гүйлтийн тамирчин Нантенин Кейтад дамжуулж, тэрбээр цааш нь Францын реппер Jul-д галын бамбарыг шилжүүлэн өгчээ.

Одоо Олимпын бамбарыг Франц даяар болон хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүдээр аялуулах 12 мянган км-ын буухиа эхэлнэ. Олимпын тасалбарын үнэтэй холбоотой маргаан, аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол үүсээд буй энэ үед Францын нутагт болж буй Олимпын анхны үзүүлбэр нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө гэж зохион байгуулагчид найдаж байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон Марсель хотод ажиллаж буй аюулгүй байдлын хүчнийхний үйл ажиллагааг өндрөөр үнэлжээ. Тэрбээр Олимпын галыг хүлээн авах ёслолд оролцсоныхоо дараа "Олимпын наадам Францыг нэгтгэнэ" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: МАРСЕЛЬ /AFP/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.184.36)